среда, 22 декабря 2010 г.

Ухаан санаа ариусах шиг

Үлэмжийн чанар. Энэ дуу хэзээд хүч, сэтгэлийн тэнхээ өгч, алс газар явахад зүрх зориг өгдөг. Бас элдэв зүйлээс айж цэрвэхэд амандаа аялчихад л тайвшраад, ямар нэг зүйлээр хамгаалагдах шиг болно. Хэдэн удаа сонссон ч уйдамгүй, хүмүүн хэмээх сэтгэл оюуны амьтаны бодлыг ариусган цэлмээх мэт увидастай. Басхүү эх орноо хайрлан санах, бахархах басхүү урлаг соёлоорынхоо гоо сайхаг биширмээр. Сайхан дуулж чаддаг бол дуулахсан, өөртөө л зориулан амандаа аялах төдийхөн дуулдаг билээ. Урлаг соёлын олон алдартан дуулж амилуулсан байдаг ч 3 бадаг болгоод дуулдаг юм билээ. уг нь бол 5 бадагтай, бадаг бүрийг тэс дарааллаар нь дуулах ёстой юм билээ. Өнгөрсөн жил хамрын хийдэд очиж үзэхдээ, үүднээс нь бяцхан тасалбар худалж авсан минь надад энэ сайхан дууг бүрэн эхээр нь мэдэх сайхан боломж олгосон билээ./худалж авахгүй байж болох байсан ч дууны үг байгааг мэдээд бүүр орсон хойноо буцаж очиж авсан гээ/. өнөөдөр би энэ сайхан дууг хүн бүр бүрэн эхээр нь мэддэг байгаасай гэж бодож үгийг нь оруулмаар санагдаад бичиж сууна. Гол нь яг нутаг дээрээс нь авсан болохоор энэ үг анхны үнэн зөв хувилбар нь байх гэж найдав.

Дулдуйтын Данзанравжаа

Үлэмжийн чанар
Үлэмжийн чанар төгөлдөр
Өнгө тунамал толь шиг
Үзэсгэлэнт царайг чинь
Үзвэл лагшин төгс маань
Үнэрээр сэтгэлийг булаанам зээ

Хөшүүн сэтгэлийг уяруулагч
Хөхөө шувууны эгшиг шиг
Хөөрхөн эелдэг үг чинь
Хүүрнэн суухад урамтай
Хөөрхөн аальт мину зээ

Учирмагц сэнгэнэсэн
Уран гол шиг бие чинь
Угаас хамт бүтсэн
Улаан занданы үнэр шиг
Улмаар сэтгэлийг хөдөлгөнө

Бадамын дундаас дэвэрсэн
Балын амт адил
Баясгалант ааль чинь
Бахдаж ханашгүй
Баярыг улам арвитгана зээ

Хүний энэ насанд
Хүссэн хэргээ бүтээгээд
Хүсэлт тэнгэрийн эдлэл мэт
Хөлгүй жаргалангийн далайд
Хөвж хамт жаргая.

воскресенье, 19 декабря 2010 г.

Ангара

алсаас зорих хэн бүхэнд
амьдрал, мэргэн ухаанаа харамгүй заах
аугаа хүчирхэг эцгийн охин
ааль сайтай Ангара мөрөн минь

аядуухан зөөлөн урсгалд чинь
арван тавны сар өөрийгөө тольдож
ангир ганганаж, анир үргээхэд
амраг хосууд эргээр чинь зугаална.

ай идэр залуу нас минь чиний хөвөөнд өнгөрч
асуй ирээдүй минь чиний л эргээс эхлэх нь
Ангараа

өөрөөсөө нуухсан

яагаад .............
ярьж хэлж байсан бүхэн чинь утгаа алдаад
янаг хайрын харц чинь хөрчихсөн юм бэ

яагаад........................
явахдаа хүлээх итгэлийг авчихаад
ямар ч үг хэлгүй холдсон юм бэ


үйлдсэн гэм бий бол
өөрийгөө зэмлээд уйлахсан
өнчрүүлчихсэн зүрхэнд чинь
өрдсөн гал чинь хэвээрээ байна одоо ч

үгүйлэхдээ асгарсан нулимс минь
үнэгүй байгааг
өнөөдөр чи минийх биш болсоныг
өглөө болгон шивнэсэн үгс чинь замхран одсоныг

өөрөөсөө би нуумаар байна

өнгөрснөөс би илүү хүчтэй

бүлээцнэ.....ахиад даарахгүй зүрх
бүрий болтол гуниглах зав ч надад алга
бүгдээс нууж унагах нулимс дуусаад удсан

дурсамж надаас чамайг нэхэх үед
дуулж өөрийгөө аргадах уянга надад бий
дурлал байсан гэдгийг чи ухаарах үед
дуугүйхэн би хажуугаар чинь зөрөөд өнгөрнөө......

өөрийгөө аргадаж бичсэн шүлэг
өрөвдмөөр ч юм шиг
өрөөл бусдад миний гуниг хамаагүй ч
өнгөрснөөс би илүү хүчтэй................... өөртөө итгэлтэй бүсгүй
урж тасдах байсан юм бол
ургуулж арчлах хэрэгтэй гэж үү
энэлэл шаналалд унагах юм бол
эдгээх хэрэгтэй гэжүү дээ сэтгэлийг

сэмэрч дуусах дөхсөн зүрх
сэрүүн зүүдэнд хууртжээ

юу ч үлдсэнгүй

дагинасын гоо үзэсгэлэнд хувирхуй

үзэмж төгс гоолиг бие байлаа гээд
үгээгүй хоосон дотортой бол
үлгэрийн дагинад тооцож болно гэжүү дээ
үлгэрлэвээс өнгө сайтай ч үнэр үгүй цэцэг мэт



дотоод сэтгэл агуу уудам ч
дорой буурай царайтай бол
харсан бүхэн хайрлан талархаж
хамаг бүхний дээд болж бас чадахгүй

ертөнцийн гэгээн гоог ялганхуяа бэрх
ер энэрлийн туяа биш үү
онцолж түүнийг танихад
орчлонгийн жам л тусална

давчуухан орчлонд бүдэрч
дайсан хүн олдож, сэтгэл нь гундавч
давхар биетэй бүсгүй хүн бүр
дагинасын гоо үзэсгэлэнд хувилна.

инээхсэн

инээхсэн
ичгэвтэр зүйл надад олон тохиосон ч
инээмсэглээд л өнгөрдөг сэтгэлийн хаттай
эгэл нэгэн бүсгүй байхсан



өнгөрсөн бүхнийг нэхэн хэлэлцвэл
өнөөдөр жаргах хүн бий гэжүү дээ
өрөөл бусдаар зэмлүүлэхгүйгээр
өөртөө үнэнг хэлж чаддаг би

алдаа бүхнийг нь хөөн хэлэлцвэл
аз жаргалтай хүн үлдэнэ гэж үү дээ
алаг энэ хорвоод нэгнээ бүдрэхэд нь
аргалаад түшиж тогтоох нь нөхөрлөл юм шүү дээ

хааяа
харанхуй дотортой муйхархан үгс
хавирга нэвт цоолоход
хар дарж зүүдэлснээс дор болох юм

учирлахуй

даль жигүүр нь гүйцсэн шувуухай
давчуухан үүрэндээ тогтоно гэжүү дээ
дасаж ээнэгшсэн бүхэн нь тэнд ч
дагуулаад нисэх хань нь тэнгэрт шүү дээ

рцэцэг бүхэн өөрийн үзэмжээр хараа булаав ч
цэмцгэрхэн гоо далийг гүйцэнэ гэжүү дээ
цэнгэл хөөсөн залуу нас урсавч
цээжиндээ нэгийг л агуулна шүү дээ хүний үр

амьдрал надад гунигтай санагдасны төлөө
айж сандраад хэрэггүй ээ та минь
амрагаа гэх сэтгэл надаар дүүрэн болохоор
ахархан хугацаанд л би уйтгарлаж байгаа юм

хорвоо надад давчуу бодогдосны төлөө
хорин хэдэн насыг минь зэмлээд хэрэггүй ээ
хонгор сэтгэл минь алсхан болохоор
хоосон бие минь л энд шүү дээ.

ямар гайхалтай нам гүм бэ

үнэр, анир, ойн чимээнд
үг хомсдож, үлгэр мартагдахад
үгүйлж хэн нэгнийг, гансрахад
үнэнч найзын яриа

ямар гайхалтай нам гүм бэ

үнэн худлын дэнс хорвоод
үг хэрэггүй ухаарлын эгшинд
үндэс мөчирлөж үргэлжлэх амьдрал хэвлийд нь мэдрэгдэхэд
үрээ хүлээх эхийн сэтгэл

ямар гайхалтай нам гүм бэ

үүр туяарч нар мандтал
өвөрт чинь эрхлэж тэврүүлсэндээ
өөрөөсөө ичиж би нүдээ аньсан
өглөө

ямар гайхалтай нам гүм бэ

понедельник, 26 июля 2010 г.

дахиад л

дахиад л хайрын тухай бодол толгой ээрнэ. миний хамгийн цагаан сэтгэл, үнэнч дурлалыг минь аваад одсон хайр. Сайхан нь муугаасаа төдийлөн давж гарч чадаагүй ч намайг хүн болгосон, насны уртад мартагдахааргүй энэ л хайр. Ухаангүй хайртай гэж хэлэх хүмүүсийг би ойлгодоггүй ээ. Ухаангүй хайр гэдэг бол угтаа хувиа хичээх л зан. уучлашгүй муухай зан гаргачихаад би чамд ухаангүй хайртай болохоороо юу хийж байгаагаа мэдсэнгүй гэж хэлэх хүн олон байдаг. Ялангуяа хардалтын хар манангаа энэ үгээр л хаацайлдаг. Бас гэр бүл үймүүлж өөр хүнд дурлаж буй эр нөхөр, эхнэр, тэдэнд энэ боломжийг өгч байгаа хүмүүс энэ үйлдлээ ухаангүй дурласан л гэж тайлбарладаг. би ч ялгаагүй л явсан. гэхдээ ухаангүй биш ухаантай хайр л жинхэнэ хайр гэдгийг мэдрүүлж чадсан түүндээ гомдоод ч яахав. Цаашид бид ухаангүй дурласан хүмүүсээ гээл яваад байж болно. гэхдээ жинхэнэ хайр л дараагийн үр дагаварыг бодож, хайртай хүнээ зовохоос өмнө зогсоож чаддаг. би ийм сайхан эрдэмд суралцлаа. энэ хугацаанд зовлон зүдгүүр мэт санагдаж байсан бүхэн намайг хүн жинхэнэ утгаар нь хайрлуулж сурах сургалт байжээ. санал нийлэхгүй хүн байна уу :).
үүнээс гадна би хүний намайг гэх ухаантай хайрыг мэдэрсэн. би жаргалтай байгаа

пятница, 28 мая 2010 г.

бороо

шар, ногоон, цэнхэр дусал
шанагаар, хувингаар асгах ус
шалбааг, шавар, шавхай
шаргал дурсамж, шалба норсон бие

гуниг лавшруулан асгарах хур
гутралд арай ч хүргэхгүй шаналал
гурвалжин өрөөндөө би ганцаараа
гудамжинд орох бороог ширтэнэ...............

ээ хөөрхий
эвийлж аргадах шивнээг чинь хааяа би сонсохгүй юм
эрхэмсэг цахилгаан, үзэмжээс чинь эмээхгүй ч
энэ эгшинд харин би чамайг ойлгомоор байна
энэрэл зүрхэнд хурж ариусах ч юм билүү?

шүлэг

тэнгэрийн хаяа, газрын алсаас
тэмүүлэн ниссээр нэгэн шувуухай
тэвэрт минь багтахгүй их цэцэгсийг
тэрлэж суугаа шүлгэн дээр минь унагалаа гэж би зүүдэллээ

үзэглэж суугаа энэ үгс минь
үнэн болоод ухаарлын эгшигтэй
өгөөмөр болоод энхрий ялдам
үүлсээс өндөрт нисэж амссан жаргалын хэлтэрхий болохоор
үнэгчлэх зүүдэндээ ч би шүлэг урлан жарганаа

бичиж суугаа энэ бүхэн минь
биелэлээ олоогүй мөрөөдлийн гунигтай
биеээ мартаж, зовлон хураасан харамсал
бие хүний ганцаардлын минь хэсэг болохоор
бичиглэж суухдаа ч би бодол автана

ай шүлэг минь
аз жаргал, гуниг шаналлыг минь
амьдралын эгэл нэгэн үргэлжлэл болгож
амирлуулж чи минь л намайг тайвшруулах юм даа.

понедельник, 24 мая 2010 г.

дурлаж, сэтгэл алдарсандаа
дуу аяалж гүйгээгүй ээ би
дутуу байсан бүхнийг мэдрүүлэх шиг
дулаан сэтгэл чинь намайг сэрээлээ
үзэмж төгс гэж би хэлэхгүй ээ
өөрийн чинь надад зориулсан тэрхэн мөчийг
өрөөл бусдаас хулгайлаагүй болохоор
өнгө аядуухан ч тод байсан

хэн нэгнийг хэт сэтгэл хөдлөл, гуниг шаналалгүйгээр зүгээр л инээмсэглэн дурсах аз жаргалын бас нэг хэлбэр мөн. би баттай мэдэж байна :)

воскресенье, 16 мая 2010 г.

яг миний зүүдэлсэн шиг

миний зүүдэлсэн шиг нэг тийм инээмсэглэл

чиний уруул дээр тодорно

алив танилцая залуу минь

ахиад ингэж таарахгүй бол яана

алдаж одоо л нэгнээ явуулбал

амьдралынхаа турш харамсах юм шиг санагдаад байна.

миний зүүдэндээ харсан шиг нэг тийм харц

чиний нүдийг одоо чимэж байна

инээмсэглэх уруул дээр минь уначихсан түүнийг

ингээд л өөр дээрээ байлгаад баймаар

эгшиний дараа бид зөрж өнгөрөх нь

эргээд харахад минь бас над руу хараарай

ингээд л танилцая, итгэж байна

нэг, хоёр, гурав ...............

хуурамчаар гуниглахуй

хувцасаа нэг нэгээр нь тайлахдаа

хуруу чинь чичрээгүй ээ

хурсан нулимс чинь унахдаа

хуурамч гунигийг чинь нууж чадаагүй

харсаан би тэр ч ялгаагүй

харанхуй өрөө байсан гэвч хамаагүй

хүслээ барьж дийлэхгүй нүглийн өмнө

хүлээтэй суухдаа чи хуурамчаар гунигласан
сэтгэл чинь шаналаагүй ээ

сэрүүн мөрөөдөл чинь сэдрээгүй

зүгээр л чи

хуурамчаар гунигласан

воскресенье, 9 мая 2010 г.

өчигдөр шөнөжин

өчигдөр шөнөжин чи минь залгасан
өглөө сэрээд харахад 13 дуудлага
үгүйлэн санах сэтгэл чинь наддаа хэвээрийг бодохоор
өөрийгөө би азгүйд тооцмооргүй байна.

өрөөлийнх нэгэнт болсон чамайгаа зовоож
өнжин хонон уйлдагаа би больсон
үнэнч хайр минь хариу сэтгэлтэй учир
өнгөрснийг буруутгаж би шаналахгүй ээ

хайрандаа сохорсон үед
харилцуур даанч цөөн дуугардагсан
хагацал зайлшгүй тавиланд
харин хэт олон юм даа.

утасныхаа дууг намсгачихаад
улайран харагдах дэлгэц дээр нь чиний нэрийг харж
уруулдаа бяцхан инээмсэглэн
унтахдаа би жаргалтай байлаа хайрт минь

воскресенье, 18 апреля 2010 г.

алхаад л

намуун, тогтуухан энэ үдэш
надаас юу хүснэ вэ?
наалинхай хонгор ааль үзүүлж
найган бүжиж, дурлал дуудахыг уу?

хөтлөлцөн алхах хосын ярианд
хүйтэн агаар бүлээсдэг болохоор
хүж дэлхий жамаараа, басхүү
хүний хайранд урьсана бишүү

галт дэнлүү мэт одод
гараас атгах хэн нэгнийг орлож
ганцаараа биш юм шиг санагдахад
гадагшаа гараад би алхаад л ...............................

дулаараад хосууд гадуур зугаалан алхаад л өчигдөр гадаа ямар сайхан байваа. гудамжаар алхаад л алхаад л баймаар намуухан үдэш