пятница, 28 мая 2010 г.

бороо

шар, ногоон, цэнхэр дусал
шанагаар, хувингаар асгах ус
шалбааг, шавар, шавхай
шаргал дурсамж, шалба норсон бие

гуниг лавшруулан асгарах хур
гутралд арай ч хүргэхгүй шаналал
гурвалжин өрөөндөө би ганцаараа
гудамжинд орох бороог ширтэнэ...............

ээ хөөрхий
эвийлж аргадах шивнээг чинь хааяа би сонсохгүй юм
эрхэмсэг цахилгаан, үзэмжээс чинь эмээхгүй ч
энэ эгшинд харин би чамайг ойлгомоор байна
энэрэл зүрхэнд хурж ариусах ч юм билүү?

шүлэг

тэнгэрийн хаяа, газрын алсаас
тэмүүлэн ниссээр нэгэн шувуухай
тэвэрт минь багтахгүй их цэцэгсийг
тэрлэж суугаа шүлгэн дээр минь унагалаа гэж би зүүдэллээ

үзэглэж суугаа энэ үгс минь
үнэн болоод ухаарлын эгшигтэй
өгөөмөр болоод энхрий ялдам
үүлсээс өндөрт нисэж амссан жаргалын хэлтэрхий болохоор
үнэгчлэх зүүдэндээ ч би шүлэг урлан жарганаа

бичиж суугаа энэ бүхэн минь
биелэлээ олоогүй мөрөөдлийн гунигтай
биеээ мартаж, зовлон хураасан харамсал
бие хүний ганцаардлын минь хэсэг болохоор
бичиглэж суухдаа ч би бодол автана

ай шүлэг минь
аз жаргал, гуниг шаналлыг минь
амьдралын эгэл нэгэн үргэлжлэл болгож
амирлуулж чи минь л намайг тайвшруулах юм даа.

понедельник, 24 мая 2010 г.

дурлаж, сэтгэл алдарсандаа
дуу аяалж гүйгээгүй ээ би
дутуу байсан бүхнийг мэдрүүлэх шиг
дулаан сэтгэл чинь намайг сэрээлээ
үзэмж төгс гэж би хэлэхгүй ээ
өөрийн чинь надад зориулсан тэрхэн мөчийг
өрөөл бусдаас хулгайлаагүй болохоор
өнгө аядуухан ч тод байсан

хэн нэгнийг хэт сэтгэл хөдлөл, гуниг шаналалгүйгээр зүгээр л инээмсэглэн дурсах аз жаргалын бас нэг хэлбэр мөн. би баттай мэдэж байна :)

воскресенье, 16 мая 2010 г.

яг миний зүүдэлсэн шиг

миний зүүдэлсэн шиг нэг тийм инээмсэглэл

чиний уруул дээр тодорно

алив танилцая залуу минь

ахиад ингэж таарахгүй бол яана

алдаж одоо л нэгнээ явуулбал

амьдралынхаа турш харамсах юм шиг санагдаад байна.

миний зүүдэндээ харсан шиг нэг тийм харц

чиний нүдийг одоо чимэж байна

инээмсэглэх уруул дээр минь уначихсан түүнийг

ингээд л өөр дээрээ байлгаад баймаар

эгшиний дараа бид зөрж өнгөрөх нь

эргээд харахад минь бас над руу хараарай

ингээд л танилцая, итгэж байна

нэг, хоёр, гурав ...............

хуурамчаар гуниглахуй

хувцасаа нэг нэгээр нь тайлахдаа

хуруу чинь чичрээгүй ээ

хурсан нулимс чинь унахдаа

хуурамч гунигийг чинь нууж чадаагүй

харсаан би тэр ч ялгаагүй

харанхуй өрөө байсан гэвч хамаагүй

хүслээ барьж дийлэхгүй нүглийн өмнө

хүлээтэй суухдаа чи хуурамчаар гунигласан
сэтгэл чинь шаналаагүй ээ

сэрүүн мөрөөдөл чинь сэдрээгүй

зүгээр л чи

хуурамчаар гунигласан

воскресенье, 9 мая 2010 г.

өчигдөр шөнөжин

өчигдөр шөнөжин чи минь залгасан
өглөө сэрээд харахад 13 дуудлага
үгүйлэн санах сэтгэл чинь наддаа хэвээрийг бодохоор
өөрийгөө би азгүйд тооцмооргүй байна.

өрөөлийнх нэгэнт болсон чамайгаа зовоож
өнжин хонон уйлдагаа би больсон
үнэнч хайр минь хариу сэтгэлтэй учир
өнгөрснийг буруутгаж би шаналахгүй ээ

хайрандаа сохорсон үед
харилцуур даанч цөөн дуугардагсан
хагацал зайлшгүй тавиланд
харин хэт олон юм даа.

утасныхаа дууг намсгачихаад
улайран харагдах дэлгэц дээр нь чиний нэрийг харж
уруулдаа бяцхан инээмсэглэн
унтахдаа би жаргалтай байлаа хайрт минь